Соёл, спорт, аялал жуулчлалын яам (сайд Чой Хви Ён), Канвон мужийн тусгай засаглалт муж (захирагч У Сан Хо), Пхёнчан аймаг (аймгийн дарга Сим Же Гук) нар зохион байгуулж, Уламжлалт тоглолтын урлаг сэргээн хөгжүүлэх сан (ТУЗ-ийн дарга Бэ Ён Хо), Пхёнчан аймаг хариуцан явуулах «Солонгосын ардын урлагийн 67 дугаар наадам» ирэх есдүгээр сарын 18-аас 20-ныг хүртэл 3 өдөр Канвон мужийн тусгай засаглалт мужийн Пхёнчан аймгийн Чинбу сумын иргэдийн спортын цэцэрлэгт хүрээлэнд болно.
Энэ жил 67 дахь удаагаа болж буй Солонгосын ардын урлагийн наадам нь 1958 онд БНСУ-ын засгийн газар байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэх зорилгоор «Улсын ардын урлагийн тэмцээн» нэртэйгээр эхэлж, өдгөөг хүртэл залгамжилж иржээ. Тосгон суурингийг түшиглэн уламжлагдаж ирсэн бүс нутаг бүрийн төлөөлөл ардын урлагийн тэмцээнээр 700 гаруй төрлийн ардын урлаг нээн илрүүлж, тэдгээрээс үндэсний биет бус өвд 44, хот, мужийн биет бус өвд 148, ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний биет бус өвд 12 төрөл бүртгэгдсэн байна. Мөн өсвөр үеийн тэмцээнийг хамт зохион байгуулж, манай үндэстний өвөрмөц амьдралыг шингээсэн ардын урлагийг дараагийн үедээ өвлүүлж байна.
Энэ удаагийн «Солонгосын ардын урлагийн 67 дугаар наадам»-д бүс нутгийн урьдчилсан шатлалаар шалгарсан ерөнхий ангиллын 21, өсвөр үеийн ангиллын 12 бүлэг Ерөнхийлөгчийн шагналын төлөө эрс өрсөлдөнө. 33 бүлэг, 1300 гаруй оролцогч нэг дор цугларч ардын урлагаар өрсөлдөх баялаг, гоёмсог наадмын тоглоом болно гэж найдаж байна.
Ардын урлагийн тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн ерөнхий ангиллын Ерөнхийлөгчийн шагналтан Ульсан Сөбүри соригийн хадгалах нийгэмлэг (Ульсан Сөбүри сори), өсвөр үеийн ангиллын Ерөнхийлөгчийн шагналтан Каннын нунгак хадгалах нийгэмлэг (Каннын нонса пхури нунгак)-ийн ойн тоглолт, алдартай дуучдын баярын тоглолт, Пхёнчан аймгийн ардын урлагийн тоглолт, туршлага хуримтлуулах арга хэмжээ зэрэг олон төрлийн хөтөлбөрөөр тэмцээний газраар зочилсон жуулчид, иргэдэд үзэх, цэнгэх зүйлийг бэлэглэхээр төлөвлөж байна.
Солонгосын ардын урлагийн наадмыг үнэгүй үзэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Уламжлалт тоглолтын урлаг сэргээн хөгжүүлэх сангийн болон Солонгосын ардын урлагийн наадмын вэбсайтаас лавлана уу.