Соёлын өвийн газрын харьяа Солонгосын Уламжлалт соёлын их сургуулийн Уламжлалт соёлын сургалтын хүрээлэн (захирал Пак Хи Ун) нь нийслэлийн бүс дэх Сөүл сургалтын төв (Сөүл хотын Кандон дүүргийн Кодок дон) болон Чхунчхон мужийн Сэжон сургалтын төв (Сэжон тусгай автономит хотын Дажон дон)-д явагдах «2023 оны хаврын улирлын уламжлалт гар урлалын туршлагын сургалт»-д хамрагдах суралцагчдыг энэ сарын 13-наас 26-ны хооронд элсүүлнэ гэж мэдэгдлээ.
Уламжлалт гар урлалын туршлагын сургалт нь өмнө нь төрийн албан хаагч, соёлын өвийн салбарынхныг голлон хамруулдаг байсан соёлын өвийн сургалтыг энгийн иргэдэд өргөжүүлсэн хөтөлбөр юм. 2021 онд Данчон, Мося хөтөлбөрийг туршилтаар явуулсны дараа өнгөрсөн жил уламжлалт Ханжи цаас, Жонгак болон Бэчоп зэрэг нийт 8 хөтөлбөр нээж ажиллуулсан бөгөөд энэ жил уламжлалт модон сийлбэрийн хөтөлбөрийг шинээр нэмж, урьд нь нэгтгэн явуулдаг байсан Бэчоп (Жокжа·Жанжон) хөтөлбөрийг салгаснаар нийт 10 хөтөлбөртэй болгохоор төлөвлөж байна.
Сургалт энэ оны 3 дугаар сарын 6-наас 6 дугаар сарын 23 хүртэл 4 сарын (16 долоо хоногийн) турш явагдах бөгөөд хөтөлбөр бүрээс 10-15 суралцагч сонгоно. ▲ Сөүл сургалтын төвд Данчон (хээ·Бёльхва), Мося (цэцэг шувууны зураг·хөрөг), уламжлалт Ханжи цаас, уламжлалт модон сийлбэр зэрэг 6 хөтөлбөр, ▲ Сэжон сургалтын төвд Данчон (хээ·Бёльхва), Жонгак (уламжлалт·дизайн) болон Бэчоп (Жокжа·Жанжон) зэрэг 6 хөтөлбөр явагдах бөгөөд биет бус соёлын өв, соёлын өвийн засварын мастер зэрэг салбар бүрийн мэргэжилтнүүд багшаар оролцоно.
Сургалт нь уламжлалт материал, багаж хэрэгслийг ашиглан уламжлалт арга техникийг сурч, түүнд тулгуурлан хээ угалз, бүтээл зурах эсвэл хийх практикт голлон төвлөрнө. Сургалтын төлбөр болон тоног төхөөрөмжийн ашиглалт үнэгүй бөгөөд будаг, цавуу зэрэг зарим хэрэглээний материалыг суралцагч өөрсдөө худалдан авна.
Сөүл сургалтын төвийн хөтөлбөрт оршин суугаа хаяг эсвэл ажлын газар нь Сөүлд байгаа иргэд л өргөдөл гаргах боломжтой бол Сэжон сургалтын төвд оршин суугаа газрын хязгаарлалтгүй, уламжлалт соёлд сонирхолтой хэн бүхэн өргөдөл гаргаж болно. Бүртгэл 2 дугаар сарын 13-наас 26 хүртэл онлайнаар явагдаж, дарааллын дагуу хаагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Солонгосын Уламжлалт соёлын их сургуулийн вэбсайт (nuch.ac.kr)-аас авч болно.
Соёлын өвийн газрын төлөөлөгч «Солонгосын Уламжлалт соёлын их сургуулийн Уламжлалт соёлын сургалтын хүрээлэн нь уламжлалт гар урлалын туршлагын сургалтаар дамжуулан иргэдийн уламжлалт соёлын талаарх ойлголтыг тэлж, уламжлалт гар урлалын салбарын арга техник, ур чадварт гаршсан авьяастныг бэлтгэн, холбогдох салбарт бизнес эрхлэх, шинэ ажлын байр бий болгох зэрэг ажлын байр бүтээх суурийг тасралтгүй тавихаар төлөвлөж байна» гэж хэллээ.