Сөүл хот К-гоо сайхныг тэргүүлэх дараагийн үеийн ирээдүйтэй компаниудыг сонгон шалгаруулж, хамгийн дуртай газар болоод буй «Сонсу»-д «Сөүл гоо сайхны аркад» концептоор 7-р сарын 14-ний (баасан) өдрөөс 3 хоногийн турш гоо сайхны поп-ап дэлгүүр нээхээ мэдэгдлээ.
Сөүл хотын ирээдүйтэй гоо сайхны компаниудын маркетингийг дэмжих төслийн нэг хэсэг болгон Сөүл хот зохион байгуулж, бүтээлч лейбл Вүпич (Woopitch) төлөвлөн хэрэгжүүлж буй энэхүү гоо сайхны поп-ап дэлгүүр нь чанартай бүтээгдэхүүнтэй хэдий ч борлуулалтын сүлжээгээ тэлэхэд бэрхшээлтэй байгаа Сөүл дэх ирээдүйтэй гоо сайхны компаниудыг од брэнд болгон өсгөх зорилгоор төлөвлөгдсөн юм.
К-гоо сайхан дэлхийн анхаарлыг татсан гол салбар болон өсөн дэвжиж буй энэ үед шинэ туршлага эрэлхийлэгч MZ үеийн хэрэглээний чиг хандлага болон түгээлтийн сувгийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн, ирээдүйтэй гоо сайхны брэнд, компани, хэрэглэгчдийн холбоос болж, иргэд чөлөөтэй цэнгэх боломжтой трэнд туршлагын орон зайг санал болгож буй тул өндөр хариу үйлдэл хүлээгдэж байна.
Түүнчлэн энэ дэмжлэгийн төсөл нь орон нутгийн засаг захиргаа болох Сөүл хотоос хэрэгжүүлж буй хэдий ч хэвшмэл музейн маягийн үзэсгэлэн биш, К-гоо сайхны байр суурь, нэр хүндийг харгалзан одоо хамгийн хэрэгтэй, тохиромжтой маркетингийн аргаар ирээдүйтэй гоо сайхны брэнд болон иргэдэд поп-ап дэлгүүрийг санал болгож, брэндүүд урт хугацааны маркетингийн төлөвлөгөө боловсруулах боломжтой болгохын тулд тусгай зөвлөгөө өгч дэмжиж буйгаараа онцгой ач холбогдолтой.
7-р сарын 14-ний (баасан) өдрөөс 3 хоногийн турш «Мелоуэр Сонсу Дэ Флагшип»-т (Melower Seongsu The Flagship) болох анхны гоо сайхны поп-ап дэлгүүр нь поп-апын ариун газар гэгддэг Сонсуд MZ үеийнхний сонирхол өндөртэй «К-гоо сайхан»-г «аркад» гэсэн түлхүүр үгтэй хослуулан, тоглоом тоглох шиг хөгжилтэйгөөр К-гоо сайханг мэдрэх «Сөүл гоо сайхны аркад» концепттой орон зай болгон зохион бүтээж, олон төрлийн хөтөлбөрөөр өндөр хөөрөлтэй туршлага бэлэглэнэ.
Ер бусын концептоороо онцгойрох гоо сайхан болон аркадыг хослуулсан фото бүс, үзэсгэлэнгийн бүсээс гадна поп-ап дэлгүүрт л ашиглах боломжтой зоосоор аркад тоглоом, сагсан бөмбөг, шүүрдэг тоглоом зэргийг тоглож болох ба сэрүүн зайрмаг авч болох төрөл бүрийн арга хэмжээ бэлтгэсэн тул халуун зуны хотын төвд өвөрмөц хөгжөөнийг мэдэрч болно.
Мөн К-гоо сайханг тэргүүлэх ирээдүйтэй гоо сайхны брэндүүдийн бэлтгэсэн сэтгэл татам байдлыг мэдрэх хөтөлбөрүүд хүлээж байна. Энэ удаагийн арга хэмжээнд Би-Ви-Эм-Ти (Лондри Ю), Эй-Эн-Ти Компани (Д.Эйв), Вилла Эрбатиум (Вилла Эрбатиум) зэрэг 7 брэнд оролцоно.
Хэрэглэгчдэд К-гоо сайханд хамаарах нандин дурсамж, бүтээгдэхүүний танигдах байдлыг өсгөх Сөүл хотын гоо сайхны поп-ап дэлгүүр нийт 3 газарт зохион байгуулагдах бөгөөд 7-р сард Сонсуд, 8-р сард Йөыдо дахь «Дэ Хёндэ Сөүл»-д, 9-р сард «DDP Сөүл гоо сайхны долоо хоног»-т болохоор төлөвлөжээ.
Мөн Сөүл хот ирээдүйтэй гоо сайхны компаниудын маркетингийг дэмжих төслийн хүрээнд 20 оролцогч компанийн онлайн маркетингийг дэмжих лайв коммерс нэвтрүүлгийг бэлтгэж байна. Нэйвер Шоппинг Лайв, Какао Шоппинг Лайв, 11-Стрит, Оли Янг Лайв, SSG Лайв гэсэн 5 сувгаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 7-р сараас Оисиёо (Мерже), Дис Из (Малком), Пүр Мер (Пүр Мер) зэрэг 10 брэндийн лайв нэвтрүүлгээс эхлэн ойролцоогоор 3 сарын турш үргэлжлэх юм.