Соёл, спорт, аялал жуулчлалын яам (сайд Пак Богюн)-ын зохион байгуулж, Солонгосын гар урлал, дизайны соёлыг дэмжих хүрээлэн (захирал Чан Донгван, цаашид "Конжинвон")-гийн хариуцан явуулдаг Чусок баярт зориулсан үзэсгэлэн, туршлагын арга хэмжээ "Сисидэдэ сэси пунсок" (улирлын ёс заншил) 9-р сарын 30-аас 10-р сарын 1 хүртэл амралтын хоёр өдөр Сөүл, Чонно дүүрэг дэх Үндэсний ардын музейн Хүүхдийн музейн гадаах тоглоомын талбайд болохоор төлөвлөгдсөн байна.
"Сисидэдэ сэси пунсок" үзэсгэлэн, туршлагын арга хэмжээ нь Конжинвоны хэрэгжүүлдэг "Сэси пунсок уламжлалыг залгуулах" төслийн нэг хэсэг бөгөөд мартагдаж буй улирлын ёс заншлыг дахин нээж, өдөр тутмын амьдралдаа дахин эдлэх боломжийг олгохын тулд зохион байгуулагдаж байна. Гол хөтөлбөрт "Өдөр бүрийн сэси пунсок" ном (зохиолч Ко Сонбэ, "Дотекст" хэвлэлийн газар)-д тулгуурласан түүхчилсэн үзэсгэлэн болон улирлын ёс заншилтай холбоотой туршлагын арга хэмжээ багтана.
Үзэсгэлэнд Бүгд Найрамдах Солонгос Улсын өнцөг булан бүрийн улирлын ёс заншлаас дөрвөн улирлын тодорхой цаг үе бүрт туршиж үзэх боломжтой 24 ёс заншлыг багтааж, бидний мэдэхгүй байсан улирлын ёс заншлын үеэр хийгддэг тоглоом, хоол, ёслолыг зураг ашиглан хэн ч амархан ойлгохоор зохиомжилжээ.
Туршлагын арга хэмжээнд Янжү Сонори Гүт хамгаалах нийгэмлэгтэй хамтран үхрийн дүрд хувирч тоглож, ургац ихтэй байхыг ерөөх △Ургацыг дуудах үхрийн тоглоом, гар урлаач Чой Сокбонгийн заадаг △Ургацыг ээх сүрэл, өвсний гар урлалын туршлага, улирлын ёс заншлын талаарх мэдлэгээ асуултаар сорих △Сэсигийн хаан шалгаруулах тэмцээн болно. Үүнээс гадна Чусокын шинэ хувцас өмсөж зураг авахуулах △Сисидэдэ фото бүс, Чусокоор туулсан улирлын ёс заншлын дурсамжаа бичих △Сисидэдэ дурсамж үлдээх зэрэг оролцооны арга хэмжээг мөн бэлтгэжээ.
Энэ оны эхний хагаст Тано баярыг сэдэв болгон арга хэмжээ болсон бөгөөд хоёрдугаар хагаст Чусокыг сэдэв болгон зохион байгуулна. Эхний хагаст 6-р сарын Тано баярыг сэдэвлэн Гоянгийн хүүхдийн музейтэй хамтран "Сисидэдэ сэси пунсок" арга хэмжээг явуулсан. Хүүхдийн бүлэг, гэр бүлийн үзэгчид зэрэг олон төрлийн үзэгчид оролцож, арга хэмжээ болсон нийт 6 өдөрт 1345 хүн хүрэлцэн ирж, их хариу хүлээн авсан.
Хоёрдугаар хагасын улирлын ёс заншлын энэ арга хэмжээг Конжинвоны байгуулсан "Уриноритоо-Сөүл"[1] байрлах Үндэсний ардын музейн Хүүхдийн музейтэй хамтран явуулах бөгөөд оролцогчид "Сисидэдэ сэси пунсок" үзэсгэлэн, туршлагын арга хэмжээнээс гадна Үндэсний ардын музейн олон төрлийн Чусокын арга хэмжээг хамт эдлэх боломжтой.
Конжинвоны Уламжлалт амьдралын соёлын хэлтсийн дарга Ким Тэван "Чусок баярыг угтан үхрийн тоглоом, сүрэл өвсний гар урлалын туршлага, Сэсигийн хаан шалгаруулах тэмцээн зэрэг олон төрлийн хөтөлбөрийг олон үзэгч туршиж үзэхээр бүрдүүллээ" гэж хэлээд, "Өнөөг хүртэл залгамжилж ирсэн улирлын ёс заншил болох Чусоктой холбоотой уламжлалт соёлын туршлагын арга хэмжээгээр дамжуулан илүү олон хүн өдөр тутмын уламжлалт амьдралын соёлыг мэдрэх боломж болоосой гэж найдаж байна" гэв.
Зарим хөтөлбөрт газар дээр нь бүртгүүлж оролцох боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Солонгосын гар урлал, дизайны соёлыг дэмжих хүрээлэнгийн вэбсайт болон нийгмийн сүлжээ (SNS)-ээс харж болно.