Соёлын өвийн газрын Ордон, булшны дурсгалт газрын төвийн харьяа Токсугун ордны удирдлагын газар (дарга Квон Чомсу) Кумхо соёлын сан (ерөнхийлөгч Ли Вонтэ)-тай хамтран 11-р сарын 29-ний (лхагва) 19.00 цагт Токсугун ордны Сокджожонд (Сөүл, Чунг дүүрэг) «Сокджожон хөгжмийн тоглолт»-ыг зохион байгуулна гэж мэдэгдлээ.
«Сокджожон хөгжмийн тоглолт»-ыг 1910-аад оны төгөлдөр хуурч Ким Ёнхван Токсугун ордны Сокджожонд эзэн хаан Кожонд зориулан төгөлдөр хуур тоглосон гэх тэмдэглэлд тулгуурлан 2015 онд төлөвлөжээ. Өндөр түвшний сонгодог хөгжмийг ордон гэх онцгой орон зайд сонсох боломжтой тул жил ирэх тусам үзэгчдийн өндөр сонирхол, дэмжлэгийг хүлээж байна.
Энэ удаагийн тоглолтыг сонгодог хөгжмийн авьяаслаг хүүхэд, залуусыг олж илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор жил бүр хамтран ажилладаг Кумхо соёлын сан төлөвлөж, зохион байгуулах бөгөөд дэлхийн тайзнаа авьяасаа хүлээн зөвшөөрүүлсэн «Кумхо Солоистс»-ын гишүүд тоглоно.
Тоглолт үнэ төлбөргүй бөгөөд Токсугун ордны удирдлагын газрын вэбсайт (www.deoksugung.go.kr, урьдчилсан бүртгэл)-аар энэ сарын 22-ны (лхагва) 10.00 цагаас эхлэн ирсэн дарааллаар (80 хүн) захиалах боломжтой. 65 ба түүнээс дээш насны өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, гадаадын иргэд 10 суудалд хязгаарлан газар дээр нь бүртгүүлж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Токсугун ордны удирдлагын газраас (☎02-751-0740) лавлан авч болно. Мөн тоглолтын өдөр (11.29) нь «Соёлтой өдөр» тул Токсугун ордонд үнэ төлбөргүй орох боломжтой.
Соёлын өвийн газрын Ордон, булшны дурсгалт газрын төвийн харьяа Токсугун ордны удирдлагын газрын төлөөлөгч: «Энэ удаагийн тоглолтоор үзэгчид Брамсын чавхдаст хөгжмийн аялгуунд хөтлөгдөн догдолж буй намрын сүүлчийн уур амьсгалыг сэтгэл ханатал мэдрэх болтугай гэж найдаж байна. Цаашид ч манай ордноос олон талт соёлын үйл ажиллагааг эдлэх боломжийг тасралтгүй олгохоор төлөвлөж байна» гэв.