«Бүгд Найрамдах Солонгос Улсад болох өөр нэгэн олимп» буюу ирэх оны 1 сарын 19-өөс эхлэн 2024 оны Канвонгийн өвлийн залуучуудын олимпийн наадам (цаашид Канвон 2024) болох Пёнчан, Канын, Жонсон, Хоенсон хотуудад одоо дэлхийн залуу тамирчдад зориулсан тэмцээний бэлтгэлээс гадна талбайн гаднах онцгой бэлтгэл ч эрчимтэй өрнөж байна.
Энэ нь наадмын үеэр ирэх үзэгчид биечлэн оролцож, цэнгэх боломжтой «Плэй винтер зон» наадмын талбай юм.
Спорт, соёл, арга хэмжээ, тоглолтын урлаг, үзэсгэлэн, боловсрол зэрэг олон төрлийн зугаа цэнгэл бэлтгэгдэх бөгөөд тэдгээрээс хамгийн төлөөлөхүйц нь Канын хоккейн төвд байгуулагдах задгай мөсөн талбай юм. Өдөр нь энгийн скейтийн талбай боловч шөнө нь «DJ скейт найт»-ын тайз болон хувирна. Богино зайн скейтийн үндэсний шигшээ багийн Чой Мин Жон, хос дэвсгэр скейтийн үндэсний шигшээ багийн хуучин тамирчин Пак Со Ён нар нэг өдрийн дасгалжуулагчаар ажиллах «Айс уан пойнт лессон» мөн энд болно.
Пёнчан олимпийн дурсгалын төвд болох Канвон 2024-ийн сурталчилгааны elчин Ким Ён А, Юн Сон Бин болон Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) гишүүн Ю Сын Мин нарын «Олимпийчдын ток концерт» нь залуусын мөрөөдлийг дэмжих харилцааны талбар болно. Пёнчан Алпенсиа цанын харайлтын төвийн сноу тюбинг, Жонсон Хай1 цанын рекреацийн бааз доторх өндөр нь ойролцоогоор 4 м болох сахиус «Мунчо»-гийн том зургийн цэг, Хоенсон Веллихилли паркийн спийд чэлленж зэрэг нь хамгийн их хүлээлт үүсгэж байгаа бөгөөд үүнээс гадна өвлийн төрөл бүрийн спортын туршлага, уламжлалт тоглоом, өвлийн хоол зэрэг олон янзын зугаа цэнгэл санал болгоно. Канын урлагийн төвд Үндэсний найрал дууны хамтлаг, балетийн хамтлаг зэрэг дээд зэрэглэлийн тоглолтууд, Пёнчан домд К-поп концерт болно.
2018 Пёнчан дурсгалын сангийн ТУЗ-ийн дарга, ОУОХ-ны гишүүн Ю Сын Мин «Үзэгчид хамт цэнгэх наадам зохион байгуулахын тулд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Канвон муж, сан, наадмын зохион байгуулах хороо олон арга хэмжээ бэлтгэж байна» гээд «Энэ өвлийн амралтаар наадмыг үзэж, спортын шинэ од төрөхийг харж, хаана ч тохиолдохгүй туршлагыг эдлээрэй гэж хүсэж байна» хэмээн хэллээ.
Харин 2024 оны Канвонгийн өвлийн залуучуудын олимпийн наадам нь Азид анх удаа зохиогдож буй өвлийн залуучуудын олимп бөгөөд нийт 7 төрөл, 15 дэд төрөлд 80 гаруй орны 1900 тамирчин оролцоно. Нээлтийн ёслолоос бусад бүх тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой ч эрт дуусах төлөвтэй төрлүүдийг урьдчилан захиалах нь зүйтэй. Мөн наадмын тасалбар эзэмшигчид Плэй винтер зоны бүх хөтөлбөрт үнэгүй оролцох боломжтой боловч зарим арга хэмжээнд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээлэл, хуваарийг наадмын албан ёсны вэбсайт болон нийгмийн сүлжээгээр (SNS) шалгах боломжтой.