Мишлен 2024 оны Супер Рейс чемпионатын Супер 6000 ангилалд албан ёсоор оролцоно. Үүний үр дүнд Солонгосын дээд ангилал болох Супер 6000 ангилалд Мишлен дугуйтай уралдааны машиныг харах боломжтой боллоо.
Мишлен нь дэлхийн нэгдүгээр дугуй үйлдвэрлэгч бөгөөд мотоспортын салбарт гүнзгий туршлагатай мэргэжлийн брэнд юм. Одоогоор Ле Манын 24 цаг (24h LE MANS), МотоЖиПи (MotoGP™), МотоИ (MotoE), FIA-гийн Дэлхийн тэсвэрийн уралдааны чемпионат (FIA WEC) зэрэг олон төрлийн мотоспортын тэмцээнд оролцож байгаа бөгөөд олон жилийн турш Формула 1 (Formula1), Формула Е (FormulaE), Японы Супер GT зэрэг дэлхийн нэр цуутай уралдаанд дугуй нийлүүлж байсан туршлагатай.
Солонгосын дээд ангилал Супер 6000 нь олон төрлийн дугуйны брэндүүд оролцож, технологийн дээд чадвараа харуулдаг тавцан юм. Баг бүрт нэг улирлын турш ашиглах дугуйгаа сонгох эрх олгогдох бөгөөд тэдгээрийн амжилтаар дугуй үйлдвэрлэгчдийн чемпионатын жагсаалтыг мөн гаргадаг. Ялангуяа дугуйны сонголтоос багийн амжилт эрс өөрчлөгдөх боломжтой тул Мишлен энэ удаа нэгдсэнээр энэ жилийн Супер 6000-д томоохон өөрчлөлт гарна гэж таамаглаж байна.
Супер Рейсийн захирал Ким Дон Бин (Kim Dong-bin) “Мишлен дугуй Супер Рейст нэгдэж байгааг идэвхтэй угтан авч байна. Мишлен дугуй нэгдсэнээр Супер 6000 ангилал нэг шат дэвшиж чадлаа. Илүү динамик уралдааныг хүлээж байна” гэв.
Мишлен Солонгос компанийн захирал Жером Винсон (Jérôme Vinçon) "Энэ удаагийн Супер Рейсээр Мишлен уралдааны дугуйны гайхалтай чадварыг харуулах боломж олдсонд маш их баяртай байна. Мишлен дугуй Солонгосын мотоспортын сонирхогчдод хүсэл тэмүүлэл, догдлом сэтгэлээр дүүрэн тэмцээнийг бэлэглэж чадна гэдэгт итгэлтэй байна" гэж хэлээд, "Энэ удаагийн Супер Рейсийн талбар дээр хэрэглэгчидтэй илүү ойртох маркетингийн үйл ажиллагаанд мөн идэвхтэй оролцохоор төлөвлөж байна" гэв.
Мөн Супер Рейс ирэх 4-р сарын 3-нд Мишлен дугуйтай Супер 6000-ын 1-р албан ёсны туршилтыг хийсний дараа, тэр сарын 20-нд Кёнги мужийн Ёнин хотын Эвөрлэнд Спидвэйд болох Супер Рейсийн нээлтийн тэмцээнээр дугуйгаа танилцуулахаар төлөвлөж байна.