Хёндай Мотор 2024 оны WRC-ийн Шведийн ралллид түрүүлснээр нээлтийн тэмцээний дараа дараалан хоёр удаа түрүүлж, ялалтын цуврал үргэлжиллээ.
Хёндай Мотор 2 дугаар сарын 15-ны пүрэв гарагаас 18-ны ням гараг хүртэл (орон нутгийн цагаар) Шведийн Умео (Umeå) хотноо болсон 2024 оны WRC (World Rally Championship)-ийн 2-р тойрогт түрүүллээ.
Тэмцээн болсон Шведийн трасс нь WRC-ийн ралллиудаас цорын ганц бүх хэсэг нь цас, мөсөн замаас бүрддэг. Цас, мөсөөр хучигдсан хэсгүүд дараалан тохиолддог тул жолооч нарт хүйтэн жавар, гулгамтгай замын нөхцөлд зохицсон зоримог жолоодлого, уян хатан стратеги хамгийн чухал байдаг.
‘i20 N Rally1 хибрид’ уралдааны машинаар оролцсон Хёндай Дэлхийн ралллийн баг (цаашид Хёндай баг)-ийн Эсапекка Лаппи (Esapekka Lappi) тэмцээний турш дээд байрандаа тууштай үлдсэн давуу жолоодлогоор 1-р байр эзэлж, улирлын анхны түрүүгээ хүртлээ.
Бусад тамирчид хэт хүнд нөхцөлд хүндрэл үзэж байхад Эсапекка Лаппи тогтвортой жолоодлогын чадвар дээрээ тулгуурлан тэмцээний туршид тэргүүлэгчдийн эгнээнд үлдэж, багаа ялалтад хөтөллөө. Ялангуяа энэ түрүү нь Лаппи Хёндай багийн бүрэлдэхүүнд байхдаа анх удаа авсан түрүү болсноор илүү утга учиртай боллоо. Хамт оролцсон Тьерри Нёвиль (Thierry Neuville) 4-р байрт орлоо.
Хёндай баг тамирчдынхаа үзүүлбэрээр нийт 42 оноо авч, Тоёота багтай хамт үйлдвэрлэгчдийн төрөлд 1-р байранд гарлаа. Ингэснээр жолооч болон үйлдвэрлэгчийн хоёр төрөлд 1-р байр эзэлсэн Хёндай баг энэ улирлын хүлээлтийг улам нэмэгдүүллээ.
Хёндай Мотор-ын N брэнд ба моторспорт бизнесийн нэгжийн захирал Тил Вартенберг (Till Wartenberg) “WRC-ийн нээлтийн тэмцээн Монте-Карло ралллийн дараа Шведийн ралллид ч түрүүлж байгаадаа маш их баяртай байна” гээд “Энэ ялалтын хүч түлхэцийг энэ жилийн эцэс хүртэл тогтвортой хадгалж, N брэнд болон моторспортын шүтэгчдэд үргэлж сайн мэдээ хүргэхийн тулд чадлаасаа ихийг хийнэ” гэв.
WRC бол Олон улсын автомобилийн холбоо (FIA, Federation Internationale de l’Automobile)-ны зохион байгуулдаг дэлхийн дээд зэргийн моторспортын тэмцээн бөгөөд төрөл бүрийн нөхцөлд хатуу ба шороон зам, цасан зам гэлтгүй давхидаг хатуу ширүүн уралдаанаараа алдартай.
Ялангуяа FIA энэ жилийн WRC-ийн төгсгөл хүртэл хурцадмал байдлыг хадгалж, сонирхолтой үзэмжийг бэлэглэхийн тулд WRC-ийн оноо өгөх тогтолцоог ралллийн эцсийн дүнгээр нэг дор оноо өгдөг байсан аргаас өөрчилжээ. Одоо ралллийн 3 дахь өдөр буюу Бямба гарагийн дүнгээр оноо өгч, дараа нь 4 дэх өдөр буюу Ням гарагийн тэмцээний дүнгээр л нэмэлт оноо өгөх аргад шилжсэн.
2024 оны WRC нийт 13 тойргоос бүрдэх бөгөөд дараагийн 3-р тойрог 3 дугаар сарын 28-ны пүрэв гарагаас 31-ний ням гараг хүртэл (орон нутгийн цагаар) Кенид болохоор төлөвлөжээ.