Олон улсын шоукейс наадам "Сөүл хөгжмийн долоо хоног 2024" (Seoul Music Week 2024) 9-р сарын 6-наас 8-ныг хүртэл 3 өдрийн турш Сөүлийн Кванхвамун талбайд болно.
Сөүл хөгжмийн долоо хоног нь Солонгосын хөгжимчдийг гадаадын тоглолтын зах зээлд гарахад нь дэмжиж, сүлжээгээ тэлэх замаар Солонгосын хөгжмийг дэлхийд таниулах олон улсын шоукейс наадам бөгөөд өнөөг хүртэл Солонгосын олон хамтлаг, уран бүтээлчийг гадаадын тоглолтын зах зээлд гарахад зуучилж, дэмжиж иржээ.
Энэ жил дотоодын 10 хамтлаг, гадаадын 9 орны 10 хамтлаг 3 өдрийн турш нийт 20 удаагийн шоукейс тоглолт толилуулна. Гадаадын тоглолтын зах зээлд гарахыг идэвхжүүлэх, сүлжээгээ тэлэхэд чиглэсэн танилцуулга болон нетворкинг арга хэмжээнүүд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжмийн салбарын 10 орчим төлөөлөгч оролцохоор төлөвлөжээ. △Бельгийн "Sfinks Mixed"-ийн уран сайхны удирдагч Патрик де Грут (Patrick de Groote) △Португалийн "FMM Sines"-ийн уран сайхны удирдагч Карлос Сейшас (Carlos Seixas) △Хонконгийн олон улсын урлагийн наадмын Со Квок-ван (So Kwok-wan) зэрэг дэлхийн мэргэжилтнүүд оролцохоор болжээ.
Сөүл хөгжмийн долоо хоног 2024-ийг Сөүл хөгжмийн долоо хоногийн зохион байгуулах хороо (дарга Ли Жон Хон) зохион байгуулж, Сөүл хотын ивээлд явуулна. Кванхвамун талбайн Норимадан тусгай тайзан дээр болох бөгөөд Сөүлчүүдэд үнэ төлбөргүй нээлттэй.
Сөүл хөгжмийн долоо хоног нь өнөөг хүртэл хот төвийн наадам болон дотоод, гадаадын ирээдүйтэй хөгжимчдийн тоглолтыг Сөүлчүүдэд үнэ төлбөргүй толилуулж, таашаал авах боломжийг олгосоор ирсэн. Ялангуяа энэ жил Хвасон хотын соёлын сангийн "Ризинг стар хайх нь" болон Квангжу хотын Тонгү дүүргийн соёл, аялал жуулчлалын сангийн "Квангжү бааскинг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-тэй хамтран орон нутгийн шилдэг хөгжимчдийг Сөүлчүүд болон гадаадын тоглолтын зах зээлийн төлөөлөгчдөд танилцуулна.
Сөүл хөгжмийн долоо хоног 2016 онд эхэлсэн бөгөөд энэ жил 9 дэх удаагаа болж байна. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд энэ арга хэмжээгээр дамжин олон хөгжимчин гадаадын тоглолтын зах зээлд гарч, сайн үнэлгээ авсан. Ялангуяа өнгөрсөн жил тоглосон үндэсний хөгжмийн гуулин хөгжмийн хамтлаг "Сидо" Чехийн "Art & Life"-д урьж, Европт амжилттай дебютлэсэн бол 2016 оноос хойш хоёр дахь удаагаа оролцсон "Нумори" Зүүн Европыг төлөөлдөг наадам "Colours of Ostrava"-д урьгдаж, мэргэжилтнүүд болон үзэгчдээс сайн үнэлгээ авсан.
Мөн өнгөрсөн жил Барселонагийн хөгжмийн хамтлаг "Blood Quartet"-тэй хамтарсан бүтээлээ танилцуулсан "Тонъян Кожупха" Испанийг төлөөлдөг наадам "La Merce"-д урьгдаж, ирэх 9-р сард аялан тоглолт хийхээр төлөвлөөд байна.