Соёл, спорт, аялал жуулчлалын яам (сайд Ю Ин Чон, цаашид «Соёлын яам») илүү олон иргэн орон нутгийн соёлын газруудыг биечлэн мэдрэх боломжтой болгохын тулд «И-март 24»-тэй (гүйцэтгэх захирал Сон Ман Жун) хамтран «Локал 100 тамганы аялал»-ыг зохион байгуулж, хувийн хэвшилтэй хамтарсан сурталчилгааг бүрэн дүүрэн эхлүүлнэ гэж мэдэгдлээ.
Олон төрлийн бэлэг гардуулдаг «Локал 100 тамганы аялал» 2025 оны 12 дугаар сарын 31 хүртэл жилийн турш үргэлжлэх бөгөөд хэн ч «И-март 24» аппликейшнээр дамжуулан оролцох боломжтой.
«Локал 100»-аас арга хэмжээний газраар сонгогдсон үзвэр үйлчилгээний газар, наадам фестиваль зэрэг 15 газрын* ойролцоох «И-март 24» дэлгүүрт 1,000 воноос дээш төлбөр төлөхөд тамга (стамп) цуглуулах боломжтой. Цуглуулсан тамганы тооноос хамааран «Локал 100»-ийн элчин сайд зохиолч Кикни өөрийн гараар зурсан «Локал 100» тэмдэг (3 төрөл) болон «И-март 24»-ийн хөнгөлөлтийн купон (5,000 вон, 10,000 вон, 20,000 вон)-ыг бэлэг болгон гардуулна.
Соёлын яам энэ удаагийн арга хэмжээний газруудыг оролцуулан улс орны өнцөг булан бүрийн соёлын үзмэрийн газар, контент, нэрт мастер зэрэг «Локал 100»-ийн иж бүрэн мэдээллийг илүү дэлгэрэнгүй тайлбарлах зорилгоор «Локал 100 гарын авлага»-ын 2025 оны шинэчилсэн хэвлэлийг гаргалаа. Ойлгомжтой дизайнтай бөгөөд уншигчид хүссэн мэдээллээ хялбар, хурдан олж үзэх боломжтой байхаар агуулгыг баяжуулсан. Тэр дундаа орон нутгийн сонирхолтой түүх, амьдралын хэв маягийг өгүүллэг хэлбэрээр гэрэлтүүлж, төдийлөн танигдаагүй далд үзмэрийн газруудыг танилцуулснаар аялалын шинэ боломж олгоно.
Гарын авлагыг Соёлын яамны вэбсайтаас (www.mcst.go.kr) үзэх боломжтой.
Соёлын яамны төлөөлөгч «Энэ удаагийн “тамганы аялал” арга хэмжээгээр дамжуулан илүү олон иргэн орон нутагтаа очиж, газар бүрт нуугдаж буй орон нутгийн соёлын сэтгэл татам байдлыг мэдрээсэй гэж хүсч байна» гэжээ. Мөн «Соёлын яам “И-март 24”-тэй хамтран ажиллаж эхэлснээс хойш орон нутгийн өвөрмөц соёлын нөөцийг сурталчлах төр, хувийн хэвшлийн хамтарсан сурталчилгааг эрчимжүүлж, соёлоор дамжуулан очмоор, хонож өнжмөөр, амьдармаар орон нутгийг бий болгоход хүчин чармайна» гэв.
Мөн Соёлын яам 2023 оны 10 дугаар сард орон нутгийн өвөрмөц соёлын сэтгэл татам байдлыг олж илрүүлэх, орон нутгийн соёлын үнэ цэнийг өргөнөөр таниулах зорилгоор орон нутгийн соёлын үзмэрийн газар, контент, нэрт мастер зэрэг соёлын 100 нөөцийг «Локал 100»-аар сонгон, онлайн арга хэмжээ болон газар дээр нь очих аян зэргээр дамжуулан тэдгээрийг дотоод, гадаадад эрчимтэй сурталчилж байна.