TeamViewer нь моторспортод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьдог, зөвхөн эмэгтэй тамирчдад зориулсан уралдааны цуврал F1 Academy (F1 ACADEMY™)-тай 2 жилийн түншлэл байгуулснаа зарлав.
Энэ түншлэл нь TeamViewer-ийн спортын технологийн салбарт эмэгтэйчүүдийг дэмждэг SheSportTech initiative хөтөлбөрийн амжилтыг үргэлжлүүлж, жендерийн тэгш байдлыг дэмжиж, урам зориг өгөх утга учиртай өөрчлөлтийг авчрахаар төлөвлөж байна. Мөн уралдааны талбарт үйлчлүүлэгч, түнш компаниудад мартагдашгүй онцгой туршлага олгохоор төлөвлөжээ.
Энэ жил гурав дахь улирлаа эхлүүлж буй F1 Academy нь 18 эмэгтэй жолоочид Формула 1 (F1)-тэй хамт өрсөлдөх урьд өмнө байгаагүй тайзыг олгож, илүү өндөр түвшний уралдаанд ур чадвараа гаргах боломжийг бүрдүүлэх дээд зэргийн дэмжлэг үзүүлдэг. Мөн “F1 ACADEMY DISCOVER YOUR DRIVE™” хөтөлбөрөөр дамжуулан эмэгтэйчүүдийн моторспортод оролцоог нэмэгдүүлэх дэлхийн хэмжээний санаачилгыг хэрэгжүүлж, зам дээр болон замын гадна оролцоог дэмжихэд хувь нэмэр оруулж байна.
TeamViewer нь албан ёсны түншийн хувьд технологийн салбар болон моторспорт хоёуланд тулгарч буй жендерийн төлөөллийн асуудлыг шийдвэрлэх энэ алсын хараанд нэгдэж байна. Ялангуяа F1 Academy-ийн анхны технологийн түншийн хувьд илүү олон эмэгтэй жолооч, инженер, R&D зэрэг олон төрлийн үүргээр моторспортын салбарт оролцох боломжийг бүрдүүлэхэд анхаарна.
Энэ түншлэлээр TeamViewer үйлчлүүлэгч, түнш, нийгэмлэгийнхэнд F1 Academy-ийн уралдааныг биечлэн үзэх онцгой боломж олгоно. Түүнчлэн тусгай хувилбарын TeamViewer ливери (livery: багийн машиныг TeamViewer брэндийн өвөрмөц өнгө, лого ашиглан чимэглэх) болон уралдааны хувцсыг зохион бүтээж, 5 дахь тойргийн вайлдкард (бусад цувралд ур чадвараа харуулсан жолооч эсвэл тусгай эрхээр оролцох тамирчин, баг) оролцоог дэмжинэ. TeamViewer нь 2025 оны улиралд нийт 7 тойрогт оролцохоос гадна зам дээрээс гадуур утга учиртай яриа хэлэлцээрийг удирдан, улирлын турш моторспортын өөрчлөлтийг түргэтгэдэг “Female Quotient” нийгэмлэгийн арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ.
F1 Academy-ийн удирдлагын захирал Сүзи Вулф (Susie Wolff) “Бидний эрхэм зорилго бол зам дээр болон замын гадна бүх саадыг арилгах явдал бөгөөд үүнийг дэмжих албан ёсны түншээр TeamViewer-ийг угтан авч байгаадаа бахархаж байна” гэж хэлээд “TeamViewer спортын технологийн салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх олон санаачилгыг дэвшүүлж байгаа нь бидний алсын харааг идэвхтэй хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлийг харуулж байна. Бид хамтдаа эмэгтэйчүүд моторспортод илүү олон боломж олж авахыг дэмжиж, зам дээр болон замын гадна инновацийг дэмжинэ” гэв.
TeamViewer-ийн гүйцэтгэх захирал Оливер Стейл (Oliver Steil) “F1 Academy-ийн албан ёсны түнш болсондоо маш их баяртай байна. Дэлхий даяар F1 Academy цувралд хандах сонирхол, оролцоо нэмэгдэх тусам хамтдаа саадыг даван туулж, инноваци хийх боломж ч улам тэлнэ” гэж хэлээд “F1 Academy-ийн уралдааны цуврал болон ‘F1 ACADEMY DISCOVER YOUR DRIVE’ зэрэг grassroots initiative (анхан шатны тамирчин илрүүлэх буюу энгийн хүмүүст чиглэсэн спортын хөтөлбөр)-ээр дамжуулан моторспортын олон талт байдал, хүртээмж, нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх аялалд нэгдэж чадаж буйдаа бахархаж байна” гэв.
Энэ түншлэл нь моторспортын салбарт хүртээмж, олон талт байдлыг дэмжихээс гадна эмэгтэйчүүд эрчүүдийн давамгайлсан салбарт орох нийтлэг аялалд хамтдаа оролцож, бүх салбарт өөрчлөлт авчрах чухал ач холбогдолтой.