“2025 Чонжүгийн дроны хөлбөмбөгийн дэлхийн цом (FIDA World Cup Jeonju 2025)” энэ сарын 25-наас (пүрэв) 28-ныг (ням) хүртэл дөрвөн өдрийн турш Чонжүгийн олон улсын дроны спортын төв болон Чонжүгийн Дэлхийн цомын цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд болохоор төлөвлөж байна.
Энэхүү арга хэмжааг Газар, дэд бүтэц, тээврийн яам, Чөллабук-до тусгай бүс, Чонжү хот, Олон улсын дроны хөлбөмбөгийн холбоо (FIDA) хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Чонжү хотод болж буй дэлхийн анхны дроны хөлбөмбөгийн дэлхийн цом юм. “Дроны хөлбөмбөг, тэнгэрийг нээж дэлхийг холбоно” уриан дор болох энэ арга хэмжаа нь энгийн спортоос давж, дэвшилтэт технологи, соёл, аялал жуулчлал нэгдсэн дэлхийн наадам тул шинэлэг тоглолтоос эхлээд К-поп баярын тоглолт, олон төрлийн уралдаан-туршлагын хөтөлбөрийг нэг дороос үзэх боломжтой.
Дроны хөлбөмбөг бол дрон болон хөлбөмбөгийг хослуулсан ирээдүйн спорт юм. Тус бүр 5 тоглогчтой хоёр багийн 5 тоглогчийн зөвхөн 1 нь буюу гоолч нь оноо авах эрхтэй бөгөөд нэг тоглолт тус бүр 3 минутын 3 сетээс бүрдэж, 3 сетийн 2-т түрүүлсэн нь ялна. Дроны бөмбөгөөр агаарт дугуй хэлбэртэй өлгөгдсөн гоолд илүү олон оноо оруулсан баг ялдаг хатуу өрсөлдөөн нь үзэх гол сонирхол юм. Сет бүрийн дараа өөрчлөгдөх тактик, хормын дотор өрнөх довтолгоо хамгаалалт нь гараа базаам догдлол бэлэглэх болно.
Дроны хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээн Class40 болон Class20 гэсэн хоёр төрөлд хуваагдаж, тус бүр улсын шигшээ болон клубын тэмцээн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хэсгийн лигийн шатыг давсан шилдэг 16 баг шигшээ тоглолтын хэлбэрээр аварга шалгарахаар өрсөлдөнө. Үүний зэрэгцээ үзүүлэнгийн төрлийн тэмцээн болох крашинг тэмцээн, супер нисгэгчийн сонгон шалгаруулалт нь сонирхлыг нэмэгдүүлнэ.
25-ны өдрийн 18 цагаас эхлэх нээлтийн ажиллагаанд К-поп-ыг тэргүүлэгч дуучид болон трот дуучид бүгдээрээ оролцож онцгой тоглолт хийнэ. RIIZE, AHOF, ICHILLIN, Ким Хижэ нар оролцохоо баталгаажуулсан бөгөөд Чонжүгийн дроны хөлбөмбөгийн дэлхийн цомын халуун уур амьсгалыг өргөх болно. Мөн нээлтийн өмнөх арга хэмжаа болгон мэдрэмжтэй цахилгаан чавхдаст хөгжим, хүчирхэг би-бой бүжиг бэлтгэгдсэн бөгөөд гоё сайхан эхлэл тавихаар төлөвлөжээ.
Олон төрлийн дагалдах арга хэмжаа бас бэлтгэгдсэн. Тэмцээний 1-2 дахь өдөр The May зочид буудалд дроны технологи, салбарын ирээдүйг харуулах “Дроны салбарын олон улсын симпозиум” болох бөгөөд тэмцээний туршид гудамжны жүжиг, поп-опера, бүжиг зэрэг уламжлал ба орчин үеийг хослуулсан “Соёл урлагийн тоглолт”, иргэд болон үзэгчид шууд оролцох боломжтой “Дроны туршлагын хөтөлбөр”, Чонжү хотын шилдэг бүтээгдэхүүнийг сурталчилсан “2025 Buy Jeonju GOGO наадам” хамт явагдана.
Тэмцээний 3 дахь өдрийн орой тэнгэрийг чимэх “Дроны гэрлийн шоу” болох бөгөөд сүүлийн өдөр “2025 Газар, дэд бүтэц, тээврийн сайдын цомын бага, дунд, ахлах сургуулийн улсын дроны хөлбөмбөгийн тэмцээн” болж, улс орны сурагч тамирчид ур чадвараа сорин тэмцээнийг төгсгөнө.
Олон улсын дроны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Но Сансүб “Чонжүд дэлхийд анх удаа дроны хөлбөмбөгийн дэлхийн цом зохиогдож байгаа нь дроны хөлбөмбөгийн өлгий хотын статусаа дэлхийд мэдүүлж буй утга учиртай алхам юм” гэж хэлээд “Энэ тэмцээнийг шалтаг болгон дроны хөлбөмбөг дэлхийн хүн бүхний хамтдаа тоглодог спорт болж, ирээдүйн дроны салбарын хөгжилд хувь нэмэр оруулахын тулд чадан ядлаараа хичээнэ” гэв.
Чонжү хотын дарга У Бомги “2025 Чонжүгийн дроны хөлбөмбөгийн дэлхийн цом бол дэвшилтэт технологи, соёл, аялал жуулчлал нэгдсэн дэлхийн наадам бөгөөд эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу хэн бүхэнд онцгой туршлага бэлэглэнэ” гэж хэлээд “Дроны хөлбөмбөгийн сэтгэл догдлуулам тоглолтоос эхлээд К-поп-ын төлөөлөл дуучдын тоглолт, олон төрлийн туршлага, соёл урлагийн хөтөлбөр хүртэл Чонжүгийн өвөрмөц сэтгэл татам байдлыг дэлхийд өргөнөөр сурталчлах боломж болно гэж найдаж байна” гэжээ.