CJ Logistics ивээн тэтгэсэн 2025 оны О-НЭ (O-NE) Суперрейс чемпионатын төгсгөлийн шатны уралдаан (9-р тойрог) 11-р сарын 2-нд, ням гарагт Кёнги мужийн Ёнин хот дахь Эверлэнд Спидвэй (4.346 км) дээр амжилттай болж өндөрлөв.
Жилийг дуусгавар болгосон энэ тойрогт анги тус бүрийн аваргууд тодорч, улирлын төгсгөлийг чимсэн гайхалтай өрсөлдөөн өрнөлөө.
Юуны өмнө Тоёота Газу Рэйсинг 6000 ангилалд И Чанвук (Кумхо SLM, #24) 1 минут 51.811 секундын тойргийн хугацаатайгаар өмнөх өдөр Но Донгигийн тогтоосон амжилтыг дахин эвдэж, тойргийн шинэ рекорд тогтоов. Урьдчилсан шатанд И Чанвук поул позиц эзэлж, түүний ард Но Донги (Кумхо SLM, #19), Чон Үичол (Сохан GP, #04), Чан Хёнжин (Сохан GP, #01) удаалан орлоо. Эцсийн шатанд эхнээс нь Кумхо SLM-ийн жолооч нарын хоорондын тэргүүлэх байрын тэмцэл ширүүн байв. Но Донги старт авмагц И Чанвукийг шахаж тэргүүлэхийг оролдсон ч И Чанвук туршлагатай жолоодлогоор хамгаалж, зайгаа нэмэгдүүлээд 1-р байраа хадгалав.
Уралдааны дунд үед хамт давхиж байсан GT4 ангилалын Чан Гюжин (Кумхо SLM) осолдсоноор сэйфти кар (SC)-ын нөхцөл үүсэв. Тухайн үед 2-р байрнаас 10 гаруй секундээр илүүлж ганцаараа тэргүүлж байсан И Чанвукт энэ нь тодорхой хэмжээгээр сөрөг нөхцөл байлаа. Иймд Кумхо SLM баг уралдааны хэмнэлээ хадгалахын тулд шууд пит стоп хийхээр шийдсэн боловч SC-ийн үед хийсэн пит стоп журам зөрчсөн гэж үзэгдэж драйв-труу шийтгэл ногдуулав. Гэсэн ч И Чанвук хурдан эргэн ороод тогтвортой хэмнэлээр тэргүүлэх байрыг эргүүлэн авч уралдааныг удирдав. Уралдааны сүүлчээр Чан Хёнжин (Сохан GP)-оос 7 гаруй секундээр илүү зайтай барианд орсон И Чанвук 2025 оны улирлын тавдахь түрүүгээ тэмдэглэж, нийт 171 оноогоор жолоочийн чемпионатын цолоо баталгаажууллаа.
И Чанвук улирлын турш дийлдэшгүй хэмнэлээр уралдаж, дотоодын моторспортын дээд ангиллын шинэ аварга боллоо. Кумхо SLM баг ч нийт 9 тойргоос 6-д нь (И Чанвук 5, Но Донги 1) түрүүлж, багийн аваргаар тодорч улирлаа төгс өндөрлөв.
GT4 ангилалд Фил Ким (Волгас Моторспорт) урьдчилсан шатанд 1-р байр эзэлснийхээ дараа эцсийн шатанд ч тогтвортой жолоодож түрүүлэв. Ким Хваран (Оне Рэйсинг) энэ тойрогт 2-р байр эзэлсэн ч улирлын хуримтлагдсан оноогоор тэргүүлэх байраа хадгалж 2025 оны GT4 аваргаар тодорлоо.
GTA ангилалд Хан Жэхи (Иго Рэйсинг) поулоос финиш хүртэл төгс уралдаж, Чон Вонхён (Бит Ар энд Ди), Мун Сэын (БМП Моторспорт)-ийг ардаа орхин түрүүллээ. Чон Кёнхун (Бит Ар энд Ди) энэ тойрогт 4-р байранд барагдсан ч улирлын хуримтлагдсан 130 оноогоор GTA ангилалд 8 дахь удаагаа дараалан аварга болох томоохон амжилт тогтоож, зэрэг KARA (Солонгосын автомашины уралдааны холбоо)-ийн албан ёсны 100 уралдаанд оролцсон тамирчдын жагсаалтад нэрээ бичүүллээ.
GTB ангилалд И Жунхун (Леопард Рэйсинг) урьдчилсан болон эцсийн шатны аль алинд нь 1-р байр эзэлж, ангилал шинээр нээгдсэнээс хойших анхны аварга гэсэн утга учиртай амжилт тогтоолоо.
Приус PHEV ангилалд Кан Чанвон (Пусан Шинжлэх ухаан, технологийн их сургууль) урьдчилсан шатанд 2-р байрнаас эхлэн тогтвортой жолоодож түрүүлж, 2 жил дараалан жолоочийн аварга боллоо. Алпин ангилалд Хон Чанхо (Жайнт Факторий) эцсийн шатанд түрүүлсэн бол улирлын аваргаар Ким Жонсу тодорлоо. Түүнчлэн Радикал Кап Солонгос дээр SR1 ангилалд Ким Тэён (Дэйв Контекст), SR10 ангилалд Ким Тэксон (Грит Моторспорт), SR3 ангилалд Чон Юн (Грит Моторспорт) тус тус түрүүллээ.
Энэхүү төгсгөлийн шат нь ангилал бүрт шинэ аваргууд төрсөн, 2025 оны улирлыг өндөрлөсөн халуун финалаар тэмдэглэгдлээ.