Hyundai Motor-ын жижиг оврын цахилгаан тээврийн хэрэгслийн төлөөлөгч «Casper Electric» (гадаадад Inster нэрээр борлуулагддаг) загвар Германы нэр хүндтэй авто сэтгүүл «Auto Bild» болон долоо хоногийн сонин «Bild am Sonntag»-ийн хамтран зохион байгуулдаг «2025 оны Golden Steering Wheel Awards»-д «25,000 еврогоос доош үнэтэй шилдэг машин» (best car under €25,000) нэрээр шалгарсныг мэдэгдлээ.
Энэхүү шагнал нь өрсөлдөөн ширүүн Германы жижиг оврын цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээл дээр Casper Electric Европын хэрэглэгчдийн хэрэгцээнд хурдан хариу өгч, бүтээгдэхүүний чанараа өндрөөр үнэлүүлсэн гэдгээрээ чухал ач холбогдолтой юм. Мөн Hyundai IONIQ 5 зэрэг загвараараа дунд оврын цахилгаан тээврийн хэрэгслийг түгээмэл болгоход тэргүүлсний дараа Casper Electric-ээр дамжуулан жижиг оврын цахилгаан тээврийн хэрэгсэл хүртэл багцаа өргөжүүлсэн стратеги нь үр дүнгээ өгснийг харуулж байна.
Casper Electric Европт 2025 оны 10-р сар хүртэл 30,000 гаруй ширхэг зарагдсан бөгөөд үүнээс Герман Европын нийт борлуулалтын 31 орчим хувийг эзэлсэн. Ялангуяа Герман дахь зах зээл дээр тухайн ангилалд 35 гаруй хувийн эзлэх хувьтай болж, Fiat 500, Dacia Spring зэрэг өрсөлдөгч загваруудыг ардаа орхин Германы жижиг оврын цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтаар нэгдүгээр байранд гарч, Европын зах зээлийн борлуулалтыг тэргүүлж байна.
Golden Steering Wheel Awards нь 1976 оноос хойш Германы авто сэтгүүл «Auto Bild» болон долоо хоногийн сонин «Bild am Sonntag»-ийн хамтран зохион байгуулдаг шагнал бөгөөд тухайн жилийн шилдэг шинэ машиныг үнэлж, шалгаруулан гардуулдаг Европын хамгийн нэр хүндтэй автомашины шагналын нэг юм.
Энэ жилийн Golden Steering Wheel Awards-д нийт 72 машиныг 17 мэргэжлийн шүүгчийн баг туршиж, 13 ангилалд шилдэг машинуудыг шалгаруулсан.
Casper Electric нь өдөр тутмын жолоодлогод тохирсон практик байдал, ангилалаасаа давсан өргөн дотоод орон зай, хамгийн ихдээ 85kW цэнэглэх хүчин чадалтай, 10%-иас 80% хүртэл ойролцоогоор 30 минутад цэнэглэх боломжтой технологи, боломжийн үнэ зэрэгээрээ өрсөлдөгч загваруудаас давуу гарч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.
Hyundai Motor-ын Европын бүс нутгийн дарга, Европын бүсийн төв оффисын тэргүүн Xavier Martinet «Casper Electric бол өдөр тутмын амьдралд тохирсон цахилгаан тээврийн хэрэгсэл бөгөөд хэн ч хялбархан ашиглах хөдөлгөөнт байдлын шийдлийг санал болгож байна» гэж хэлээд «Hyundai нь Casper Electric-ээс эхлээд IONIQ 9 хүртэл олон төрлийн цахилгаан тээврийн хэрэгслийн багцтай бөгөөд цаашид ч дэвшилтэт дизайн, дэвшилтэт технологи, өдөр тутмын жолоодлогын тохь тухыг хослуулсан цахилгаан загваруудыг тасралтгүй танилцуулна» гэв.
Casper Electric нь «2025 World Car Awards»-д премиум цахилгаан машин Porsche Macan Electric-ийг ардаа орхин дэлхийн оны шилдэг цахилгаан машинаар шалгарч, бүтээгдэхүүний өндөр чанараа баталсан. Мөн мөргөлдөх аюулгүй байдлын үзүүлэлтээр сул талтай жижиг оврын ангилалд хамаарах хэдий ч Европын шинэ машины аюулгүй байдлын үнэлгээний хөтөлбөр «Euro NCAP»-аас дөрвөн одтой үнэлгээ авч, өндөр аюулгүй байдлаа баталгаажуулсан.
Нөгөө талаас, Hyundai энэ жил Германы Кёльн хотод Casper Electric-ийг үндэс болгон шинэлэг дизайн нэмж бүтээсэн концепт машин Inster-ийг ашигласан «INSTEROID» ретро аркад тоглоомыг толилуулж, тоглоом болон автомашины дизайныг хослуулсан дижитал түүх өгүүлэх шинэ үйл ажиллагаагаар залуу үетэй идэвхтэй харилцан, брэндийн туршлагаа өргөжүүлж байна.