‘Stray Kids’ хамтлагийн гишүүн Феликс ‘2026 Ханбок давалгаа’ төслийн Солонгосын давалгааны соёл урлагийн төлөөлөгчөөр сонгогдож, дотоодын таван ханбокийн брэндтэй хамтран ханбокийн шинэ увидыг дэлхийд сурталчлах болно.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам (сайд Чой Хви Ён, цаашид Соёлын яам) нь Солонгосын гар урлал, дизайны соёл хөгжлийн хүрээлэн (захирал Ким Гён Бэ, цаашид Хүрээлэн) -тэй хамтран чадварлаг ханбокийн компаниуд болон Солонгосын давалгааны соёл урлагийн төлөөлөгчдийн хамтын ажиллагаагаар ханбокийн бүтээгдэхүүн боловсруулж, дотоодын ханбокийн брэндүүдийг сурталчлахад дэмжлэг үзүүлэх ‘Ханбок давалгаа’ төслийг хэрэгжүүлж байна.
Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаж буй ‘Ханбок давалгаа’ нь өмнө нь тэргүүлэх Солонгосын давалгааны одод болох фигурт гулгалтын тамирчин асан Ким Ён А (2022 он), дуучин, жүжигчин Сүжи (2023 он), жүжигчин Ким Тэ Ри (2024 он), жүжигчин Пак Бо Гом (2025 он) нартай хамтран боловсруулсан ханбокийн бүтээгдэхүүнээрээ дамжуулан ханбокийн өвөрмөц гоо сайхан, соёлын үнэ цэн, салбарын өрсөлдөх чадварыг дэлхийд өргөнөөр таниулж, өндөр үнэлгээ авсан. Энэ жил дэлхийд алдартай ‘Stray Kids’ хамтлагийн гишүүн Феликс Солонгосын давалгааны соёл урлагийн төлөөлөгчөөр оролцож, дэлхийн хөгжимсөгчдөд ханбокийн увидыг толилуулна.
Феликстэй хамтран ханбокийн бүтээгдэхүүнийг төлөвлөж, боловсруулах ханбокийн компаниудыг ирэх 7 дугаар сарын 10-ны Баасан гараг хүртэл уралдаант шалгаруулалтаар бүрдүүлнэ. Энэ удаагийн шалгаруулалтаар ханбокийн салбарын жижиг, дунд компаниудыг мэргэшил, ялгарах онцлог, хэрэгжүүлэх боломж, нөлөөллийн хүрээ зэргээр нь цогцоор үнэлж, нийт 5 компанийг сонгохоор төлөвлөж байна. Эцэст нь сонгогдсон компаниуд Феликсийн дүр төрх, бэлгэдлийг тусгасан ханбокийн загварыг тус бүр 10 иж бүрдлээр боловсруулна. Боловсруулсан ханбокийг загварын гэрэл зураг, Сөүл, Нью-Йорк, Парис, Милан зэрэг гадаад дахь цахим самбар дээр гаргах, дотоод гадаадад сурталчилгааны контент бүтээх замаар нээлттэй толилуулж, ханбокийн гоо сайхан, үнэ цэнийг дэлхийд таниулахаар төлөвлөжээ. Шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Соёлын яам (www.mcst.go.kr) болон Хүрээлэн (www.kcdf.or.kr)-ийн цахим хуудаснаас харж болно.
Соёлын яамны ажилтан Чон Хян Ми “К-контентын дэлхий даяар түгэхийн хэрээр бидний хувцас ханбокт чиглэсэн олон улсын сонирхол урьд өмнөхөөс илүү өндөр байна” гэж хэлээд, “Феликстэй хамтарсан энэ төсөл Хойд Америк, Европ зэрэг дэлхийн хөгжимсөгчдөд ханбокийг ‘өмсөхийг хүсэм сэтгэл татам контент’ хэмээн таниулах хөшүүрэг болно” гэлээ.